Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ерөнхий үнэлгээг хэлэлцэв – Sergelt.mn

0


МХХ-ИЙН ЗАХИРАЛ М.МӨНХМАНДАХ СУРГАЛТЫН ЗОРИЛГЫГ ТАНИЛЦУУЛАВ

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө бол ардчиллын суурь ухагдахуун. Монгол хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Гэхдээ хувь хүний ус агаар мэт энэхүү эрхэм дээд хэрэгцээ өнөөгийн нийгэмд хэр зэрэг хангагдаж байгаа талаар улстөрчид, хуульчид, иргэд өөрсдөө ч зөрүүтэй байр суурьтай байдаг.

Иргэн хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө өнөөдөр ямар түвшинд байна вэ? Монголын хэвлэлийн хүрээлэнд болсон “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө-Олон улсын хэм хэмжээ, Монголын нөхцөл байдал” сэдэвт сургалтаар энэ асуудлыг хөндсөн юм.

Монгол дахь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нөхцөл байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг танилцуулах, харилцан санал бодлоо солилцох зорилготой уг сургалтад хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож, илтгэл тавьсан хуульчидтай ул суурьтайхан  ярилцлаа.

Монголын хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах  “Монгол дахь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний шинэчлэл” төслийн талаар товч танилцуулж, “Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө, наймдугаар амлалт” сэдвээр илтгэл тавив.

Монгол Улсын Засгийн газар Нээлттэй Засгийн түншлэл (НЗТ)-д 2013 онд нэгдэн орсон бөгөөд хоёр жилийн үндэсний төлөвлөгөөг хамтаар бүтээж, олон нийтэд ил тодоор тайлагнаж хэрэгжүүлдэг төр, иргэний нийгмийн түншлэл юм.

Монгол Улсын Засгийн газар, иргэд, иргэний нийгэм, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудаар хэлэлцүүлэн гарсан 120 саналаас 2021-2023 оны Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төсөлд 10 үүрэг амлалтыг тусгаад байгаа билээ.

СЭТГҮҮЛЧИД ГУРВАН БҮЛЭГТ ХУВААГДАН ҮНЭЛГЭЭ ӨГӨВ

Сургалтад оролцсон сэтгүүлчид гурван багт хуваагдаж дасгал ажлын хэлбэрээр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний Монгол дахь нөхцөл байдлын талаар санал солилцов. Дасгалын ажлыг төслийн багийн  гишүүд удирдан явууллаа.

Нэгдүгээр баг “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө”, “Мэдээлэл авах эрх, үг хэлэх эрх чөлөөний хязгаар”, хоёрдугаар баг “Гэмт хэргйн шинжтэй гүтгэлэг”, “Онлайн контентийн зохицуулалт”, “Мэдээллийн хэрэгсэл ба үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө”, гуравдугаар баг “Интернэт ашиглах эрх”, “Хувийн нууцыг хамгаалах тухай, тагнах, чагнах үйл ажиллагаа”, “Өгөгдлийн хамгаалал Монгол Улсад ямар түвшинд байна вэ” сэдвийн хүрээнд санал бодлоо хэлж, харилцан ярилцлаа.

ТӨСЛИЙН БАГИЙН ГИШҮҮН ХУУЛЬЧИД ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГ ТАНИЛЦУУЛЖ, АСУУЛТАЛ ХАРИУЛАВ

Дараа нь төслийн багийн гишүүн, хуульч Д.Оросоо “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрх”, “Үг хэлэх эрх чөлөөний хязгаар” сэдвээр Монгол Улсын нөхцөл байдлын ерөнхий үнэлгээг танилцуулж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Төслийн багийн гишүүн, хуульч  Л.Галбаатар “Гэмт хэргийн шинжтэй гүтгэлэг”, “Онлайн контентийн зохицуулалт”, “Мэдээллийн хэрэгсэл ба үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” болон “Интернэт ашиглах эрх”, “Хувийн нууцыг хамгаалах тухай, тагнах, чагнах үйл ажиллагаа”, “Өгөгдлийн хамгаалал” сэдвээр нөхцөл байдлын ерөнхий үнэлгээг танилцуулж, харилцан ярилцсан юм.

Д.ОРОСОО: ӨНӨӨДРИЙН СУРГАЛТ ЭДГЭЭР ЗҮЙЛИЙГ ОЙЛГОХОД ТУН ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ БОЛЛОО

Сургалтын илтгэгч, хуульч Д.Оросоо “Ашгийн төлөө бус хуулийн Олон улсын төвөөс “Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” асуудлын хүрээнд Олон улсын хууль эрх зүйн стандарт, шилдэг туршлагын талаар гарын авлага гаргасан. Энд өнөөдөр Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн шилдэг туршлага, стандарт багтсан гэсэн үг. Өнөөдрийн сургалтаар үүнийг танилцууллаа. Төслийн баг энэхүү стандартаар Монгол Улс дахь нөхцөл байдлын үнэлгээг хийж байна. Монгол Улсад дэвшилттэй олон зүйл байна, өмнөхөөсөө ухарч байгаа зүйл ч байна. Өнөөдөр худал мэдээлэл их тархах болсон, улс орон бүр худал мэдээлэлтэй тэмцэж байна. Худал мэдээлэл нь гадаад, дотоодын гарал үүсэлтэй байдаг, зөвхөн дотоодын асуудал биш. Худал мэдээлэлтэй тэмцэх хууль тогтоомж үг хэлэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, мэдээллийн эрх чөлөөг хөндөх болсон. Аливаа хязгаарлалт зайлшгүй шаардлагатай, хамгийн бага хэмжээнд байх ёстой. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалахын зэрэгцээ худал мэдээлэлтэй тэмцэх стратeги илүү үр дүнтэй байна. Түүнээс биш худал мэдээлэл, гүтгэлэгтэй тэмцэх нэрээр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарлаж болохгүй юм. Өнөөдрийн сургалт эдгээр зүйлийг ойлгоход тун чухал ач холбогдолтой боллоо” хэмээн сургалтын ач холбогдлыг дүгнэж хэлсэн юм.

Д.Лхагвадорж.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x