Фэнг Донгбин: Чанарын хяналт сайн тавьбал Монгол нүүрсний нэр хүнд улам их танигдана

0


Монголын нүүрсний зах зээлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, манай гол экспортлогч БНХАУ-ын нүүрсний салбарын талаар “Фэнвей дижитал информэйшн техноложи” ХХК-ийн Ерөнхий менежер Фэнг Донгбин “Mongolian Economy” сэтгүүлийн асуултад хариулсан юм.
Тус компани нүүрсний салбарын нэн чухал мэдээллийг багтаасан www.sxcoal.com вэбсайтыг ажиллуулахаас гадна төрөл бүрийн консалтинг үйлчилгээ үзүүлдэг юм.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаад баярлалаа. Монголын нүүрсний экспортод жинтэй хувийг эзэлдэг коксжих нүүрсний эрэлт, үнэ БНХАУ-д сүүлийн үед буурч байна. Энэ нь гангийн үйлдвэрлэл, үл хөдлөхийн салбарт ажиглагдаж буй үйл явдлуудтай холбоотой гэж үзэж болох байх. Та ойрын болон дунд хугацаанд Монголын коксжих нүүрсний ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл 2021 оноос эхлэн агшсан нь коксжих нүүрсний эрэлтэд сөргөөр нөлөөлсөн. Нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг  бууруулах, саармагжуулах бодлого болон түүхий гангийн үйлдвэрлэл буурах хүлээлтээс шалтгаалж цаашид ч БНХАУ-ын коксжих нүүрсний хэрэглээ улам буурна.

Үүнээс гадна Хятадын дотоодын уурхайнуудын нийлүүлэлт нэмэгдсэн. Цаашдаа дотоодын эрэлт буурах, нийлүүлэлт бага хэмжээгээр нэмэгдэх үзэгдэл ажиглагдсаар байх болно. Хэдий коксжих нүүрсний үнэ сүүлийн үед унасан ч гэсэн харьцангуй өндөр хэвээр байгаа гэж хэлж болно. Үнийн хэлбэлзэл дунд хугацаанд улирлын чанартай ажиглагдсаар байх боловч ерөнхийдөө буурах хандлага давамгайлна гэж үзэж байна.

-Бидний хувьд анхаарал хандуулах ёстой өөр нэг сэдэв бол эрчим хүчний нүүрс. Олон улсад нүүрлээд буй эрчим хүчний хямрал, геополитик зэргээс шалтгаалж эрчим хүчний нүүрсний үнэ өснө гэж үзэж байна. Монгол Улс БНХАУ руу хийж буй энэ төрлийн нүүрсний экспортдоо илүү их анхаарал хандуулах ёстой юу? Энэ салбарын нөхцөл байдал БНХАУ-д ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Эрчим хүчний нүүрс бол БНХАУ-ын эрчим хүчний салбарын хамгийн чухал бүтээгдэхүүн юм. Үйлдвэрлэл талаас авч үзвэл 2021 онд нүүрс нь БНХАУ-ын нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 56 хувийг эзэлж байлаа. 2016-2020 онд нүүрсний хэрэглээг халах бодлогыг хэрэгжүүлснээр нүүрсний уурхайнуудын гарц буурч, нийт уурхайн 70 орчим хувь нь хаагдсан. Үүний ихэнх нь эрчим хүчний нүүрс гаргадаг байсан бөгөөд үүнтэй зэрэгцээд эрчим хүчний нүүрсний эрэлт нэмэгдсэн.

Үүнээс шалтгаалаад сүүлийн жилүүдэд, тэр дундаа өнгөрсөн болон энэ жил эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт, эрэлтийн хоорондох зөрүү улам ихэслээ. Өнгөрсөн жил эрчим хүчний нүүрсний хомсдол үүссэнээс орон даяар эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт хийсэн бол өнгөрсөн наймдугаар сард мөн бага хэмжээний хязгаарлалт хийсэн. Энэ жилийн хязгаарлалтын тухайд гол шалтгаан нь хэт халалт, усан цахилгаан станцын хүчин чадал дутагдсантай холбоотой байсан бөгөөд малтмал бус түлш нь эрчим хүчний тогтвортой эх үүсвэр болж чадахгүйг харуулсан гэж болно.

Ийм нөхцөл байдалтай дасан зохицох, цахилгаан эрчим хүчний болзошгүй хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалтаа БНХАУ үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн. Ойрын 2-3 жилд олон тооны дулааны цахилгаан станц шинээр барьж, ашиглалтад оруулна.

Эдгээр цахилгаан станцыг оргил ачааллын үед ашиглах гол зорилготой бөгөөд эрчим хүчний нүүрсний эрэлтэд тодорхой хэмжээнд эергээр нөлөөлнө гэдэг нь гарцаагүй юм. Дулааны шинэ цахилгаан станцуудаас гадна эрчим хүчний нүүрсний нөөц хангалтгүй байгаа учир БНХАУ богино хугацаанд эрчим хүчний нүүрс олборлолтоо эрчимтэй эхлүүлж байна. Өнгөрсөн жилд л гэхэд 380 сая тонн нүүрс үйлдвэрлэсэн бол энэ оны нэгээс наймдугаар сарын хооронд 100 сая тонн нүүрс үйлдвэрлээд байна.

Дунд болон урт хугацаандаа эрчим хүчний нүүрсэнд нүүрсхүчлийн хийг бууруулах, саармагжуулах БНХАУ-ын бодлого нөлөөлсөөр байх болно. Миний бодлоор БНХАУ эрчим хүчний нүүрсний хомсдолоо ойрын 1-2 жилд шийдэх болов уу.

БНХАУ-д эрчим хүчний нүүрс өндөр үнэтэй байгаа учраас Монголын эрчим хүчний нүүрс улам ихээр БНХАУ руу орж ирж байна. Гэхдээ тээвэрлэх зай хол зэргээс шалтгаалаад Монголын эрчим хүчний нүүрсэнд олон сорилт бий.

Монголын эрчим хүчний нүүрс нь БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээ өндөр бүс нутагт хүрээд үнийн хувьд өрсөлдөх чадвартай байх ёстой. Тиймээс Монголын эрчим хүчний нүүрсний өрсөлдөх чадварыг хангахын тулд үйлдвэрлэлийн зардлыг өрсөлдөхүйц болгох, тээвэр, гаалийнзардлыг бууруулах шаардлагатай. Миний бодлоор Монгол Улс эрчим хүчний бус коксжих нүүрсний өрсөлдөх чадвараа сайжруулахад илүү их анхаарал хандуулах ёстой.

-БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшуг саяхан манай улсад айлчлах үеэр уул уурхайн салбарт хоёр улс харилцан ашигтай, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд 2025 он гэхэд Монголоос БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг 40-70 сая тоннд хүргэх хүсэлт тавьсан. Та энэ хэмжээг хэр бодитой тоо гэж үзэж байна вэ?

-Сүүлийн жилүүдийн нүүрсний зах зээл, эрчим хүчний салбарын төлөв байдлыг авч үзвэл Монголын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх нь хоёр улсын ашиг сонирхолд нийцнэ. Ялангуяа Австралийн нүүрс Хятадын зах зээлээс гарснаар тус улсын нүүрсний экспортын орон зайг Монголын нүүрс эзлэх боломжтой болсон.

Гэвч коронавирусийн цар тахлын улмаас хорио цээрийн хязгаарлалтаас шалтгаалж Монголын нүүрсний хил нэвтрэх чадамж ихээхэн буураад байна. Ганцмод боомт үе үе хаагдаж байгаа бол Сэхэ боомт удаан хугацаанд хаалттай байсан нь Монголоос Хятад руу экспортлох нүүрсний хэмжээнд ихээхэн нөлөөлөв.

Саяхан Монгол Улс шинэ төмар замаа барьж дуусгалаа. Төмөр зам тавьж, хөдөлгөөнийг нээсний дараа гаалийн бүрдүүлэлт сайжирч, зардал өртөг ч тодорхой хэмжээгээр буурна.  Гэвч одоогийн байдлаар Ганцмод, Сэхэ, Мандал боомт нь зөвхөн автозамтай, гаалийн бүрдүүлэлтийн хувь хэмжээ эдгээр боомтын төлөвлөгдсөн хүчин чадалд огт хүрэхгүй байна.

Үүнд хоёр улсын бизнесийн салбар, төр засаг анхаарал хандуулах нь зүйтэй юм. Энэ нь зөвхөн дэд бүтэц бус гааль, хорио цээрийн дэглэмтэй холбоотой асуудал. Энэ бүхнээс дүгнэвэл нүүрсний экспортын хэмжээг 40-70 сая тоннд хүргэх нь бодит байдал дээр асар их сорилт дагуулах бөгөөд Хятад, Монголын талаас хамтын хүчин чармайлт шаардах юм.

 

Ярилцлагын үргэлжлэлийг “Mongolian Economy” сэтгүүлийн 2022 оны 8-9 сарын (187, 188) дугаараас

 

 

 

 



Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x