Баянхонгор аймаг Хүнсний хувьсгалд идэвх, санаачилгатай оролцохоо илэрхийллээ

0


Орон даяар амжилттай хэрэгжиж эхэлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг 21 аймагт эрчимжүүлж, нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах зорилготой “Хүнсний хувьсгал” нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Баянхонгор аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хэлтсийн дарга Д.Энхмаа, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оролцлоо.

Ажлын хэсэг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, УИХ-аас баталсан 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга зам, чиглэлийн талаар Засаг даргын Тамгын газар, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумдын Засаг дарга болон Баянхонгор аймгийн 20 сумын аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэд, малчид, үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдэд танилцуулж, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Баянхонгор аймаг нь мах, сүү, сүүн бүтээгдэхүүний  хэрэгцээгээ 100 хувь хангадаг. Харин улаанбуудай болон гурилын хэрэгцээгээ бусад аймаг, орон нутгаас хангаж байна. Мөн хүн амын нягтаршил багатай тул томоохон хүнсний үйлдвэр үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Нийслэл Улаанбаатар хот руу нийлүүлэхэд тээврийн зардал нэмэгдэж үнэд нөлөөлдөг тул бүтээгдэхүүнээ борлуулж чаддаггүй. Иймд гаднын улс руу чиглэсэн экспортын бүтээгдэхүүн бий болгоход анхаарч байна гэдгээ нутгийн удирдлагууд хэллээ.

Баянхонгор аймгийн удирдлагууд, иргэд, малчид, үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд идэвх, санаачилгатай оролцож, өөрсдийн санал хүсэлтээ илэрхийллээ.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x